ЛГБТ Төвийн эрхэм зорилго

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

"ЛГБТ" гэдэг нь бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэмжийн цөөнх болох Лесбиян буюу эмэгтэй ижил хүйстэн, Гей буюу эрэгтэй ижил хүйстэн, Бисексуал буюу аль аль хүйст татагдагч, Трансжендэр буюу өөрийн хүйсээ төрсөн хүйсээсээ өөрөөр тодорхойлдог хүмүүсийг нэрлэх олон улсын нэр томъёо юм. "ЛГБТ хүмүүс" гэвэл зөвхөн лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүс хэмээн ойлговол зохино.

"ЛГБТ Төв" ТББ нь ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага мөн. "ЛГБТ Төв" төрийн бус байгууллагын эрхэм зорилго нь Монгол Усын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол улсын олон улсын гэрээ, конвенциор баталгаажсан хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, аливаа алагчлалаас ангид байх ардчилсан иргэний нийгмийн үнэт зүйлийг Монголын нийгэмд төлөвшүүлэх, ийнхүү төлөвшүүлснээр бэлгийн цөөнх болох эрэгтэй, эмэгтэй ижил хүйстэн, бисексуал, трансжендэр хүмүүсийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүний эрхийн зөрчлийг бууруулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хувь нэмрээ оруулах, байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн тулд ижил төстэй зорилго бүхий олон улсын болон дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран ажиллахад оршино.

"ЛГБТ Төв" ТББ-ын үйл ажиллагааны хамрах хүрээ нь Монгол Улс болон олон улсад бэлгийн цөөнхийн тухай үнэн зөв, бодит мэдээлэл түгээх, бэлгийн цөөнхүүдэд үнэн зөв, бодит мэдлэг олгох, иргэний ба хүний эрх, эрх чөлөөний тухай мэдлэг, эрхээ хамгаалах ур чадварыг төлөвшүүлэх, бэлгийн цөөнхийн талаар Үндэсний хэмжээнд суурь судалгаа хийх, бэлгийн цөөнхийн Монгол улсын үндсэн хууль, Монгол Усын олон улсын гэрээ, конвенциор баталгаажсан иргэний ба хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хувь нэмэр оруулах, хуульзүйн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, дурьдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын төрийн, төрийн бус байгууллагууд, олон улсын Засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт зохин байгуулах, бэлгийн цөөнхийн асуудлаар зөвлөх шаардлагатай байгууллагуудад мэргэшлийн зөвлөмж, зөвлөгөө өгөх, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, төрийн байгууллага, албан тушаалтнаас санаачлан боловсруулсан хуулийн төсөлд санал өгөх, тусгах, лобби бүлгүүдтэй хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн болон нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, төвийн үйл ажиллагаатай холбоотой бусад үйл ажиллагаанууд орно.

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.