Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн санал

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

ЛГБТ Төвөөс 2011 оны 3-р сарын 10-нд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн саналыг бүрэн эхээр нь сийрүүллээ.

Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай[1], эсвэл хүйсийн баримжаа илэрхийлэл[2] нь өөр хэмээн мэдэгдвэл лесбиян, гей, бисексуал, трансжендэр буюу ЛГБТ хүмүүсийн амьд явах, аюулгүй байх, халдашгүй дархан байх, тайван замаар эвлэлдэн нэгдэх, боловсрол болон мэдээлэл хүртэх, шаардлага хангахуйц амьжиргааны түвшинтэй байх, хөдөлмөрлөх, орон байртай байх, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, гэрлэх, гэр бүл үүсгэх, гэр бүлээ хүлээн зөвшөөрүүлэх эрхүүд нь зөрчигддөг.[3] Өөрөөр хэлвэл Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болоод бусад олон улсын хүний эрхийн эрх зүйгээр баталгаажсан ихэнх үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигддөг гэсэн үг. ЛГБТ хүмүүсийг үг хэл, үйлдлээр доромжлон хүчирхийлэх, ажлаас нь халах, ажлаасаа гарахаас өөр сонголтгүй болтол нь гадуурхах, орон гэрээс нь хууль бусаар хөөн гаргах, боловсрол болон мэдээлэл олж хүртэх эрхийг нь үгүйсгэх, ЛГБТ хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ ялангуяа трансжендэр хүмүүсийг элдвээр доромжлох, ЛГБТ хүмүүсийн амь насанд халдах, амь насанд нь халдахаар завдах, халдахаар заналхийлэн сүрдүүлэх, тагнуулын байгууллагаас ЛГБТ хүмүүсийн хувийн орон зай, захидал харилцааны нууцад халдах, ЛГБТ хүмүүсийг хууль бусаар тагнан мөрдөх гэх мэт үзэгдэл байнга гарч байна. Нөгөө талаас, нийгмийн энэ харгис хэрцгий, хүнлэг бус хандлага нь ЛГБТ хүмүүсийг сэтгэл санаагаар гүн хямрах, амиа хорлох, амиа хорлохоор завдахад хүргэдэг. Монгол Улсад бэлгийн цөөнхийн эсрэг үүсээд байгаа үл тэвчих, үл ойлгох, үзэн ядах, тохуурхан доромжлох, ЛГБТ хүмүүсийг хүчирхийлэх, ЛГБТ хүмүүсийн эсрэг хүчирхийлэлд бусдыг уриалан дуудан турхирах гэх мэт бүх төрлийн эрхийг нь үгүйсгэх хууль бус хандлагыг эрх зүйн хүрээнд зохицуулахаас нааш Монгол Улсын хүн амын арван хувь болсон гурван зуу орчим мянган хүний[4] жам ёсны эрх, эрх чөлөө зөрчигдсөөр байх болно[5].

Монгол Улсын Үндсэн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлан гадуурхах заалтгүйгээс ЛГБТ иргэдийн Үндсэн Хуулийн 14-р зүйлийн 2-т заасан ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх заалт нь хууль зүйн баталгаагүй байна. “Хууль зүйн баталгаа гэдэг нь хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх төрийн байгууллагын тогтолцоо, механизмыг тодорхойлох, эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хөндөгдсөн эрх, эрх чөлөөг сэргээн эдлүүлэх боломж юм”[6]. Гэтэл хууль зүйн баталгаа байхгүйгээс үүдэн, мөн нийгэмд зонхилж буй бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай буруу ташаа ойлголтоос үүдэн ЛГБТ хүмүүсийн амьд явах, халдашгүй дархан байх, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, орон байртай байх, эрүүл мэндээ хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх гэх мэт маш олон анхдагч үндсэн эрхүүд зөрчигдөж байгааг ЛГБТ Төв ТББ баримтжуулсныг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах конвенцийн хороонд 2008 онд явуулсан тайлан[7], Хүний эрхийн зөвлөлд 2010 онд явуулсан тайлан[8], Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд 2010 онд явуулсан тайлан[9] болоод Хүний эрхийн хороонд 2011 онд явуулсан тайлангаас харж болно.

Цаашлаад ЛГБТ хүмүүсийн төрөлхийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг хууль зүйн хувьд ханган хамгаалж баталгаажуулаагүй байгаа нь эцсийн дүндээ үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж, үндэсний эв нэгдлийг бусниулахад хүргэхүйц үр дагавартай асуудал юм. Учир нь ЛГБТ хүмүүсийн эсрэг хүчирхийлэлд турхирагч этгээдүүд ЛГБТ хүмүүсийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр нь ялгаварлан гадуурхаж, төрөлхийн ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа болоод трансжендэр хүйсийн баримжаа илэрхийллийг монголын ёс заншилд харш үзэгдэл хэмээн Монголын түүх, ёс заншил, уламжлалыг явцуугаар тайлбарласан ухуулга сурталчилгааг өргөнөөр хийн, ЛГБТ хүмүүсийн бие махбод ба сэтгэл зүйд нэн ноцтойгоохр халдсан хэд хэдэн явдал гаргасан. Харин ЛГБТ олон нийтээс эдгээр халдлагад өртсөн хүмүүст тусласан ба туслаж буй хүмүүсийг дам хомроглож байна.

Олон улсын хүний эрхийн эрх зүй хүний эрхийн нэн хүнд зөрчлийг авч үзэхдээ зөвхөн шууд хохирогчдын эрхийг сэргээлгэхээр тогтолгүй хүний эрх нь нэн хүндээр зөрчигдсөн хүмүүст тусласан хүмүүсийг шууд бус хохирогч хэмээн үздэгийг хуульчилсан. Тэр утгаар ЛГБТ хүмүүсийг бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа илэрхийллээр ялгаварлан гадуурхаж хүчирхийлж буй нь Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч буй бүх ЛГБТ хүмүүс шууд бус хохирогч мөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. 1985 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаар батлагдсан “Гэмт хэрэг, эрх мэдлээ буруугаар ашигласан явдлын хохирогчдод шударга ёсыг хангах үндсэн зарчмуудын тухай тунхаглал”-ын нэгдүгээр зүйлд хохирогч гэдгийг “гишүүн орнуудын хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуульд харш төрийн үйлдэл ба эс үйлдлээс ганцаар эсвэл хамтаар бие махбод, сэтгэлзүй, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирол амсаж, ямарваа байдлаар үндсэн эрх нь ноцтой зөрчигдөж хохирсон хүмүүс” хэмээх тодорхойлолтын дагуу Монголд амьдарч буй бүх ЛГБТ хүмүүс хохирогчид болсоор байна.

Олон улсын хүний эрхийн эрх зүй нь хүн бүрийн тэгш эрхийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, тухайн хүний эрхийг үр дүнтэй ханган хамгаалах, эдлүүлэхийг хангах нь улс орнуудын анхдагч үүрэг хэмээн тогтоосон байдаг. Хүний эрхийг хангах үүрэг нь олон талт асуудал. Зөвхөн шаардлагатай хууль эрх зүйн ба бусад арга хэмжээг авах үүргээр хязгаарлагддаггүй. Төр нь хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжиж, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх үүргийг хүлээдэг. Хүндэтгэх үүрэг нь хүний эрхийг зөрчих өөрийн буюу төрийн үйлдлээс татгалзах ёстой гэсэн агуулгатай бол хамгаалах үүрэг нь хүний эрхээ эдлэхэд саад тотгор болох бүх үйлдлээс хүмүүсийг хамгаалах агуулгыг багтаасан байдаг. Харин хөхиүлэн дэмжих нь зөвхөн шаардлагатай арга хэмжээг аваад зогсохгүй, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа зохион байгуулах, боловсрол олгох гэсэн нарийн утгатай байдаг.

Бүр цаашилбал хүний эрх нь хүний эрхийн зөрчлөөс хамгаалах хангалттай нөхөн сэргээлтийн арга зам, процедурыг төр тогтоож, хүний эрхийн зөрчлийг нарийн шалгах процедурыг тогтоох үүргийг мөн багтаадаг. Эдгээр үүрэг нь бие биеэ нөхөх ба зөвхөн аль нэгийг нь сонгон хэрэгжүүлж болно гэсэн үг биш ба нэгийг нөгөөгөөр нь орлуулна ч гэсэн үг биш юм. Нөгөөтэйгүүр хүний эрхийн тухайд төрийн хүлээх үүрэг нь нөхцөлт бус гэдгийг олон улсын эрх зүй мөн заасан. Энэ нь төрийн хүлээх үүрэг нь хувь хүн гомдол гаргасан эсэх буюу нөхцөл бүрдсэн эсэхээс үл хамааран хүний эрхийн зөрчлийг арилгах ёстой гэсэн зарчмыг агуулдаг. Өөрөөр хэлвэл хувь хүн хүний эрхийн зөрчлийн хохирогч болсон талаараа холбогдох гомдлыг гаргаагүй байсан ч, тухайн хохирогч хүний эрхийг нь зөрчсөн этгээдийг уучилж, гомдлоо татаж авсан байсан ч төр нь тухайн хүний эрхийн зөрчлийг арилгаж, тухайн зөрчлийн тухай үнэн мөнийг тогтоон олон нийтэд мэдэгдэх үүргийг бүхэл бүтэн нийгмийн өмнө хүлээдэг гэсэн үг юм.[10] Үнэнийг мэдэх эрх нь бие даасан хүний эрх ба үүнийг субстантив эрх мөн болох тухай НҮБ-ын Хүний эрхийн хороо анх 1983 онд гаргасан дүгнэлтдээ ийн баталгаажуулсан байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн ба ажиглагч орнууд 2010 оны 11-р сарын 2-нд Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжүүддээ бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлан гадуурхах заалтыг Үндсэн хууль болоод бусад эрх зүйн бүх арга хэмжээгээр зохицуулах ёстой талаар болон бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн үзэн ядалтын үг хэллэгийг багтаан үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийг гэмт хэрэг хэмээн хуулиар зохицуулах ёстойг цохон тэмдэглэснийг Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хүлээн зөвшөөрч, хүлээж авсан.

Цаашлаад олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хянаж, гэрээ конвенцтой адил заавал дагаж мөрдөгдөх эрх зүйн мөн чанартай дүгнэлтүүдийг гаргадаг НҮБ-ын төрөлжсөн хороодоос бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа илэрхийллээр ялгаварлан гадуурхахыг хориглосон маш олон дүгнэлтийг 1994 оноос хойш гаргасан байдаг ба тэр дундаа Монгол Улсын хувьд гаргасан дүгнэлтэд ч ийм зөвлөмжийг Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 2010 онд гаргаад байна. Энэ утгаараа Монгол Улс олон улсын гэрээ конвенц болоод Үндсэн хуулийнхаа дагуу хүлээсэн, мөн Хүний эрхийн зөвлөлийн гишүүн ба ажиглагч орнуудаас хүлээж авсан амлалт үүргээ биелүүлэх ёстой.

- Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн хороо, мэдэгдэл No. 488/1992: Австрали, CCPR/C/50/D/488/1992, Николас Түүнэн Австралийн эсрэг, 1994 оны 4-р сарын 4

8.7. Иргэний ба улс төрийн эрхийн олон улсын пактын 26-р зүйлийн хүрээнд бэлгийн чиг баримжаа нь “бусад байдал”-д хамаарах эсэхийг Австрали Улсын Засгийн газар Хүний эрхийн хорооноос тодруулахыг хүссэн билээ. Энэ асуудал Пактын 2-р зүйлийн 1-р дээр мөн үүсэх боломжтой. Хороо нь 2-р зүйлийн 1 болон 26-р зүйл дэх “хүйс” хэмээх ойлголт нь дотроо бэлгийн чиг баримжааг агуулахыг ийн батлаж байна.[11]

- Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хорооны дүгнэлт: Монгол, CAT/C/MNG/CO/1/CRP.1, 2010 оны 11-р сарын 1-19

25.  Хороо нь дараах асуудалд сэтгэл эмзэглэж байна. Үүнд:

a) Ялгаварлан гадуурхалтыг бүхэлд нь хориглосон үндэсний хууль тогтоомж байхгүй байгаа, мөн үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг ба үзэн ядалтын үг хэлийг эрүүгийн зүйл анги болгоогүй байгаа тухай мэдээлэлд сэтгэл эмзэглэж байна. Мөн тус хороо нь эмзэг бүлэг болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүсийн эсрэг нийгэмд оршсоор байгаа сөрөг хандлагаас үүдэн олон нийтийн газар болон гэр орондоо хүчирхийлэл, бэлгийн хүчинд өртөж байгаад эмзэглэж байна.

Тус хороо нь ЛГБТ Төвийг бүртгэсэнд, мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах мэдээллийн кампанит ажил хийх шаардлагатай хэмээн тэмдэглэснийг сайшааж байна.

Монгол Улс нь үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, үг хэлийг оролцуулан ялгаварлан гадуурхалттай тэмцэх бүрэн дүүрэн эрх зүйн акттай болох ёстой. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг хуулийн хариуцлагад татах арга хэмжээг Монгол Улс авах ёстой. Бэлгийн цөөнх, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс, зарим гадаадын иргэд гэсэн эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахыг хангах ёстой. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх зарчмууд буюу Жогжакартын зарчмуудын дагуу бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа илэрхийллээсээ үүдэн халдлагад өртсөн хүмүүсийн хэргийг цаг алдалгүй, нухацтай, шударгаар хэрэг үүсгэн шалгах механизмыг бий болгох ёстой. Түүнчлэн Монгол Улс арьс үндэс, үндэс угсаа болон бусад зүйлд үндэслэсэн бусад ялгаварлан гадуурхалтыг хөхиүлэн дэмжиж, хүчирхийлэлд турхирдаг байгууллагуудын үйлддэг хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжтой болох ёстой.

- НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, ерөнхий тайлбар No.18: Хөдөлмөрлөх эрх (6-р зүйл), E/C.12/GC/18, 2006 оны 2-р сарын 6

Пактын 2-р зүйлийн 2 болон 3-р зүйлийн дагуу эрх тэгш байдлын үндсэн дээр хөдөлмөрлөх эрхийг нь хөндөх, эрхийг нь эдлүүлэхгүй байхад яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, эд хөрөнгийн байдал, угсаа гарал, биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээл, ХДХВ/ДОХ-ыг оролцуулан эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг баримжаа, үндэстний болон нийгмийн гарлаар ялгаварлахыг хориглодог.[12]

- НҮБ-ын Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах дэд хороо, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пактын 2-р зүйлийн 2-т заасан үл ялгаварлан гадуурхалтын тухай судалгаа, E/CN.4/Sub.2/2004/24, 2004 оны 6-р сарын 18

22. ... хүйс гэдэг ойлголтод бэлгийн чиг баримжаа багтдаг нь олон улсын хуулийн нэг зарчим болоод байна. Хүний эрхийн хорооноос Түүнэнгийн хэрэг дээр “2-р зүйлийн 1 болон 26-р зүйлд багтсан хүйс нь бэлгийн чиг баримжааг багтаана” хэмээн мэдэгдсэн билээ (CCPR/C/50/D/488/1992, 8.7). Цаашлаад Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо нь Олон улсын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пактын 2-р зүйлийн 2 нь бэлгийн чиг баримжааг багтаана хэмээн дүгнэхээс гадна 2000 оны эрүүл мэндийн эрхийн талаарх 14-р ерөнхий тайлбартаа мөн цохон оруулсан байна.[13]

- Хүүхдийг худалдаалах, хүүхдийг биеэ үнэлэлт, садар самуунд уруу татах асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгчийн тайлан, E/CN.4/2004/9, Add.2, 2004 оны 2-р сарын 3

41. Гей, лесбиян, бисексуал, трансжендэр өсвөр насныхан тэр тусмаа хүчирхийлэлд өртдөг. Нийгмийн зүгээс тэдний бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэлд сөргөөр хандах үзэгдэл тэднийг мөлжлөгийн золиос болох үндэс суурийг тавьдаг.[14]

- Хүүхдийн эрхийн конвенцийн хороо, ерөнхий тайлбар No.4: Хүүхдийн эрхийн конвенцийн дагуу өсвөр настнуудын эрүүл мэнд болон хөгжил, CRC/GC/2003/4, 2003 оны 7-р сарын 1

6. Оролцогч талууд 18 наснаас доош бүх хүн Конвенциийн 2-р зүйлд заасны дагуу “яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, эд хөрөнгийн байдал, угсаа гарал, биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээл, үндэсний болон нийгмийн гарал болон бусад байдлаар алагчлалгүй” бүх эрхээ эдлэхийг нь хангах үүрэг хүлээнэ. Эдгээр үндэслэлд өсвөр насныхны бэлгийн чиг баримжаа болоод (ХДХВ/ДОХ болон сэтгэцийн эрүүл мэндийг оруулан) эрүүл мэндийн байдал мөн багтана.[15]

- Хүүхдийн эрхийн конвенцийн хороо, ерөнхий тайлбар No. 3: ХДХВ/ДОХ болон хүүхдийн эрх, CRC/GC/2003/3, 2003 оны 3-р сарын 17

8. ...Бэлгийн чиг баримжаанд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт мөн сэтгэл эмзэглүүлсээр байна.[16]

- НҮБ-ын Ерөнхий ассамблейн арван есдүгээр чуулганы жилийн тайлан, CRC/C/80, 1998 оны 10-р сарын 9

236. […] Оролцогчид ХДХВ/ДОХ-ын нөхцөл байдлыг тайлагнахдаа гей хөвгүүд болон лесбиян охид эмзэг бүлэгт хамаарагддагаараа байнга хурц ялгаварлан гадуурхалтад өртдөг болохыг цохон тэмдэглэж байв.[17]

- Бүх хүн бие болон сэтгэцийн эрүүл мэндийн эрхээ дээд түвшинд эдлэх эрхийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгчийн тайлан, E/CN.4/2004Ү49, 2004 оны 2-р сарын 16

38. Бэлгийн чиг баримжаанд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт нь олон улсын хүний эрхийн хуульд зөвшөөршгүй зүйл гэдгийг баталсан. ....

54. Нөхөн үржихүй болон бэлгийн эрүүл мэндийн эрх нь бүх хүн ялгаварлан гадуурхалтад өртөх айдасгүйгээр бэлгийн чиг баримжаагаа илэрхийлэх эрхийг багтаадаг.[18]

- Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгчийн тайлан, E/CN.4/2005/64/Add.3, 2004 оны 11-р сарын 26

75. Мандатын үзэл санаа, мөн чанарынхаа дагуу Тусгай илтгэгч нь бэлгийн чиг баримжааг үл харгалзан бүх хүн өөрийн үзэл санаагаа илэрхийлэх, мэдээлэл авах, мэдээлэл өгөх эрхтэй хэмээн үзэж байна.[19]

- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайлангууд, НҮБ-ын бүх тогтолцоонд эмэгтэйчүүдийн хүний эрхийг нэгтгэх асуудлаарх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн тайлан, E/CN.4/2005/68, 2005 оны 1-р сарын 10

14. Хүүхдийг худалдаалах, хүүхдийг биеэ үнэлэлт, садар самуунд уруу татах асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч тайландаа (E/CN.4/2004/9) үндэстний цөөнх болон уугуул хүүхдүүд, хэт ядуу хүүхдүүд, гудамжны хүүхдүүд, шилжин суугч хүүхдүүд, гей хүүхдүүд, лесбиян хүүхдүүд, бисексуал болон трансжендэр хүүхдүүд нь хүний наймаа болон бэлгийн мөлжлөгийн золиос болоход эмзэг өртөмтгий бүлгүүд хэмээн тодорхойлсон. Тэрээр цааш трансжендэр өсвөр насныхан ялангуяа эмзэг болохыг цохон тэмдэглэсэн.[20]

Эдгээр заавал даган мөрдөх эрх зүйн мөн чанартай дүгнэлтүүд гарснаас хойш дэлхийн ихэнх олон орон Үндсэн хуульдаа бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлах заалтуудыг оруулж, мөн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлахыг ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц хуулиудаар баталгаажуулж өгсөн байна. Жишээ нь, 1996 оны Өмнөд Африкийн Улс нь апартаидын дараах шинэ Үндсэн хуульдаа бэлгийн чиг баримжаагаар үл ялгаварлахыг багтаасан анхны улс болсон бол түүнээс хойш хамгийн сүүлд Косово Улс тусгаар улс болоод анхныхаа 2008 онд батлагдсан Үндсэн хуульдаа ийм заалтыг мөн багтаасан байна.

ЛГБТ Төв ТББ нь ЛГБТ хүмүүсийн анхдагч эрхүүдийг ханган хамгаалж, хөхиүлэн дэмжихийг хангахын тулд 1992 онд батлагдсан Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлан гадуурхах зарчмыг эргэлт буцалтгүй оруулах, ЛГБТ хүмүүсийн хохирсоор байгаа байдлыг арилгахад шаардагдах анхдагч эрх зүйн арга хэмжээг авах ёстойг дахин цохон тэмдэглээд нэмэлт өөрчлөлтийг 14-р зүйлийн 2-т дараах хэлбэрээр багтаахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд санал хүргүүлж байна.

Одоогийн найруулга

“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”

Шинэчилсэн найруулга

“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Ялгаварлан гадуурхалт ба ялгаварлан гадуурхалтын үндэстэй үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргийг хуулиар зохицуулна.

Энэхүү нэмэлт нь багтсанаар ЛГБТ хүмүүсийн хамгийн анхдагч амьд явах эрх баталгаажиж, цаашид ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийг зохицуулах эрх зүйн зохицуулалттай болох үндэс тавигдаж, Монгол Улс бүх хүний эрхийг жинхэнэ ёсоор дээдлэгч орон болох юм.



[1] Бэлгийн чиг баримжаа нь эсрэг, ижил, эсвэл нэгээс илүү хүйсийн хүмүүст сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно ба бэлгийн харилцаа үүсгэх хүн бүрийн гүн гүнзгий мөн чанар, чадвар юм.” Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрх, эрх зүйг хэрэглэх Жогжакартын зарчмууд, 2006 он. Монгол орчуулгыг ЛГБТ Төв ТББ 2010 онд хийснийг ЛГБТ Төвийн вэбсайтаас харах http://lgbtcentre.mn/images/antidiscrimination/jogjakartin%20zarchmuud.pdf

[2] Хүйсийн баримжаа илэрхийлэл нь хүн бүр хувь хүнийхээ үүднээс өөрийн хүйсээ төрөхөд өгөгдсөн хүйстэйгээ адилаар эсвэл өөрөөр гүн гүнзгий мэдрэх мэдрэмж ба өөрийн биеийн тухай мэдрэмж (үүнд чөлөөт сонголтонд үндэслэн биеийнхээ үзэгдэх байдлыг эм, хагалгаа болон бусад байдлаар өөрчлөх өөрчлөлт багтана), хувцаслалт, үг яриа, биеийн хөдөлгөөн гэх мэт хүйсийн бусад илэрхийллийг багтаадаг.” Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрх, эрх зүйг хэрэглэх Жогжакартын зарчмууд, 2006 он. Монгол орчуулгыг ЛГБТ Төв ТББ 2010 онд хийснийг ЛГБТ Төвийн вэбсайтаас харах http://lgbtcentre.mn/images/antidiscrimination/jogjakartin%20zarchmuud.pdf

[3] Н. Анараа (2010) “ЛГБТ хүмүүс ба үндсэн эрх”, Эмэгтэйчүүдийн нүдээр 2010 оны 5-р чуулганы тайлан, Улаанбаатар хот, МОНФЕМНЕТ, http://lgbtcentre.mn/images/articles/lgbt%20and%20fundamental%20rights%208%20march%202010.pdf

[4][4] Аливаа оронд бэлгийн цөөнх буюу ЛГБТ хүмүүс доод тал нь хүн амын 10 хувийг бүрдүүлдэг гэсэн дэлхийн нийтийн жишиг тоо бий.

[5] Н. Анараа (2006) “Амьдрах эрхгүй хүмүүс: ардчилал, хөгжлийн явц дах лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүсийн хүний эрх”, Хүний эрх сэтгүүл 2006/3, ХЭҮК, Улаанбаатар хот http://lgbtcentre.mn/images/articles/mongolianhuman%20rights%20journal%202006%20lgbt%20rights%20article.pdf

[6] Д. Лүндээжанцан, Ч. Энхбаатар (1999) Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй, Улаанбаатар хот, 108-р хуудас

[10] Almeida de. Quinteros et al v Uruguay, 21 July 1983, CCPR/C/19/D/107/1981, para. 14

[11] Toonen v. Australia, CCPR/C/50/D/488/1992, UN Human Rights Committee, 4 April 1994, http://www.unhcr.org/refworld/docid/48298b8d2.html

[12] UN Committee on Economic, Social and Cultural Rights (CESCR), General Comment No. 18: The Right to Work (Art. 6 of the Covenant), 6 February 2006, E/C.12/GC/18, http://www.unhcr.org/refworld/docid/4415453b4.html

[13] UN Sub-Commission on the Promotion and Protection of Human Rights, Study on non-discrimination as enshrined in article 2, paragraph 2, of the International Covenant on Economic, Social and Cultural Rights Working paper prepared by Emmanuel Decaux, 18 June 2004, E/CN.4/Sub.2/2004/24, http://www.unhcr.org/refworld/doci d/4152c5104.html

[14] UN Commission on Human Rights, Report on the Sixtieth Session, Supplement No. 3, 23 April 2004, E/CN.4/2004/127; E/2004/23, http://www.unhcr.org/refworld/docid/4267b3644.html

[15] International Commission of Jurists (2007) Sexual orientation and gender identity in international law: references to jurisprudence and doctrine of the United Nations Human Rights System, Geneva, page 8.

[16] UN Committee on the Rights of the Child (CRC), CRC General Comment No. 3: HIV/AIDS and the Rights of the Child, 17 March 2003, CRC/GC/2003/3, http://www.unhcr.org/refworld/docid/4538834e15.html

[17] International Commission of Jurists (2007) Sexual orientation and gender identity in international law: references to jurisprudence and doctrine of the United Nations Human Rights System, Geneva, page 13.

[18] Дээрхийг харах.

[19] UN Commission on Human Rights, Report of the Special Rapporteur on the right to freedom of opinion and expression, Mission to Colombia, 26 November 2004, E/CN.4/2005/64/Add.3, http://www.unhcr.org/refworld/docid/42d66e320.html

[20] Updated report of the Secretary-General on integrating the human rights of women throughout the United Nations system, http://daccess-ods.un.org/access.nsf/Get?Open&DS=E/CN.4/2005/68&Lang=E

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.