Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг гэж юу вэ?

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

Бэлгийн чиг баримжаа гэдэг нь ижил эсвэл эсрэг хүйсийн хүмүүст, эсвэл аль аль хүйсийн хүмүүст сэтгэл зүрх, оюун ухаан болон бэлгийн хувьд татагдах хүний мөн чанарын төрөлхийн үзэгдэл юм. Харин хүйсийн чиг баримжаа гэдэг нь хүн өөрийгөө эмэгтэй, эсвэл эрэгтэй гэж мэдрэх мэдрэхүй ба тэр мэдрэхүйгээ илэрхийлж буй байдал юм.

Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай, эсвэл хүйсийн чиг баримжаа нь өөр хэмээн мэдэгдвэл лесбиян, гей, бисексуал, трансжендэр буюу ЛГБТ хүмүүсийн амьд явах, аюулгүй байх, халдашгүй дархан байх, тайван замаар эвлэлдэн нэгдэх, боловсрол болон мэдээлэл хүртэх, шаардлага хангахуйц амьжиргааны түвшинтэй байх, орон байртай байх, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, гэрлэх, гэр бүл үүсгэх, гэр бүлээ хүлээн зөвшөөрүүлэх эрхүүд нь зөрчигддөг. Өөрөөр хэлвэл Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд дурьдсан ихэнх үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигддөг гэсэн үг.

Өнөөгийн байдлаар бэлгийн цөөнхийн хамгийн ноцтойгоор зөрчигдөж буй эрх нь амьд явах эрх гэдгийг ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсан хүний эрхийн зөрчлийг баримтжуулах явцад харагдсаар байдаг. Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн чиг баримжааны мөн чанарын тухай буруу, явцуу ойлголт, эдгээрийг үл ойлгохоос үүдсэн үзэн ядалт ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсаар буй гэмт хэргүүдийн гол сэдэл нь болсоор байна.

Онолоор бол Монгол Улсад бэлгийн цөөнх болох ЛГБТ хүмүүсийн эрх, эрх чөлөө иргэн утгаараа хамгаалагдсан баймаар ч эдгээр хүмүүсийн эрх өдөр тутам зөрчигдсөөр байгаа байдал нэн өөр бодит байдлыг харуулна. Энэхүү нийтлэлд бэлгийн болон хүйсийн чиг баримжаад үндэслэсэн ялгаварлан гадуурхалт, алагчлалыг олон улсын хүний эрхийн баримт бичигт хэрхэн тайлбарладаг болоод Монгол улсад бэлгийн болон бусад цөөнхийн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ямар хууль тогтоомж шаардалагтай болохыг авч үзнэ.

ЛГБТ хүмүүс: олон улсын ба дотоодын хуулинд

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй Монгол Улсын иргэн ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсоор амьдарч буй гадаадын иргэн ЛГБТ хүмүүсийн Монгол Улсын Үндсэн Хуулийн 14-р зүйлийн 2-т заасан ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх, Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 1-д заасан амьд явах, мөн зүйлийн 13-т заасан халдашгүй дархан байх эрх, мөн зүйлийн 16-д заасан үзэл бодолтой байх, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, мөн зүйлийн 10-д заасан эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, мөн зүйлийн 4-д заасан сонгосон мэргэжлээрээ чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт эрх, эрх чөлөө нь бодитой хэрэгжих боломжгүй, эдгээр эрх нь ноцтойгоор зөрчигддөг.

ЛГБТ хүмүүсийг үг хэл, үйлдлээр доромжлон хүчирхийлэх; ажлаас нь халах, ажлаасаа гарахаас өөр сонголтгүй болтол нь гадуурхах; орон гэрээс нь хууль бусаар хөөн гаргах; боловсрол болон мэдээлэл олж хүртэх эрхийг нь үгүйсгэх; ЛГБТ хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ ялангуяа трансжендэр хүмүүсийг элдвээр доромжлох; ЛГБТ хүмүүсийн амь насанд халдах, амь насанд нь халдахаар завдах, халдахаар заналхийлэн сүрдүүлэх; цагдаа, хууль сахиулах байгууллага болон тагнуулын байгууллагаас ЛГБТ хүмүүсийн хувийн орон зай, захидал харилцааны нууцад халдах, ЛГБТ хүмүүсийг хууль бусаар тагнан мөрдөх гэх мэт үзэгдэл байнга гарч байна.

Нөгөө талаас, нийгмийн энэ харгис хэрцгий, хүнлэг бус хандлага ЛГБТ хүмүүсийн дунд сэтгэл санаагаар гүн хямрах, амиа хорлох, амиа хорлохоор завдахад хүргэдэг.[1] Энгийнээр хэлвэл ЛГБТ хүмүүсийн өдөр тутмын бодит байдал болсон шууд ба дам ялгаварлан гадуурхалт нь ЛГБТ хүмүүсийн Монгол улсын эрх чөлөөт иргэн болж төрсөн жам ёсныхоо эрхийг эдлэх боломжгүй байдалд оруулдаг юм.

Монгол Улсад бэлгийн цөөнхийн эсрэг үүсээд байгаа үл тэвчих, үл ойлгох, үзэн ядах, тохуурхан доромжлох, ЛГБТ хүмүүсийг хүчирхийлэх, ЛГБТ хүмүүсийн эсрэг хүчирхийлэлд бусдыг уриалан турхирах гэх мэт бүх төрлийн эрхийг нь үгүйсгэх хууль бус хандлагыг эрхзүйн хүрээнд зохицуулахаас нааш Монгол Улсын хүн амын арван хувь[2] болсон гурван зуун мянган хүний жам ёсны эрх, эрх чөлөө зөрчигдсөөр байх болно.

Олон улсын хүний эрхийн пакт, конвенцийн дагуу хүйс хэмээх ойлголт дотроо бэлгийн чиг баримжааг багтаадаг хэмээх олон улсын эрхзүйн зарчим 1994 оноос хойш үйлчилсээр байна. Цаашлаад Монгол Улсын Үндсэн Хуулийн 10-р зүйлийн 1, 2-т зааснаар Монгол Улс олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх ёстой билээ. Олон улсын гэрээ болон олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг толилуулваас:

 

· Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн хороо, мэдэгдэл No. 488/1992: Австрали, CCPR/C/50/D/488/1992, Николас Түүнэн Австралийн эсрэг, 1994 оны 4-р сарын 4

8.7. Иргэний ба улс төрийн эрхийн олон улсын пактын 26-р зүйлийн хүрээнд бэлгийн чиг баримжаа нь “бусад байдал”-д хамаарах эсэхийг Австрали Улсын Засгийн Газар Хүний эрхийн хорооноос тодруулахыг хүссэн билээ. Энэ асуудал Пактын 2-р зүйлийн 1-р дээр мөн үүсэх боломжтой. Хороо нь 2-р зүйлийн 1 болон 26-р зүйл дэх “хүйс” хэмээх ойлголт нь дотроо бэлгийн чиг баримжааг агуулахыг ийн батлаж байна.[3]

 

· НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, ерөнхий тайлбар No.18: Хөдөлмөрлөх эрх (6-р зүйл), E/C.12/GC/18, 2006 оны 2-р сарын 6

Пактын 2-р зүйлийн 2 болон 3-р зүйлийн дагуу эрх тэгш байдлын үндсэн дээр хөдөлмөрлөх эрхийг нь хөндөх, эрхийг нь эдлүүлэхгүй байхад яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, эд хөрөнгийн байдал, угсаа гарал, биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээл, ХДХВ/ДОХ-ыг оролцуулан эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг баримжаа, үндэстний болон нийгмийн гарлаар ялгаварлахыг хориглодог.[4]

 

· НҮБ-ын Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах дэд хороо, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пактын 2-р зүйлийн 2-т заасан үл ялгаварлан гадуурхалтын тухай судалгаа, E/CN.4/Sub.2/2004/24, 2004 оны 6-р сарын 18

22. ... хүйс гэдэг ойлголтод бэлгийн чиг баримжаа багтдаг нь олон улсын хуулийн нэг зарчим болоод байна. Хүний эрхийн хорооноос Түүнэнгийн хэрэг дээр “2-р зүйлийн 1 болон 26-р зүйлд багтсан хүйс нь бэлгийн чиг баримжааг багтаана” хэмээн мэдэгдсэн билээ (CCPR/C/50/D/488/1992, 8.7). Цаашлаад Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо нь Олон улсын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пактын 2-р зүйлийн 2 бэлгийн чиг баримжааг багтаана хэмээн дүгнэхээс гадна 2000 оны эрүүл мэндийн эрхийн талаарх 14-р ерөнхий тайлбартаа мөн цохон оруулсан байна (E/C.12/2000/4, para. 18).[5]

 

· Хүүхдийг худалдаалах, хүүхдийг биеэ үнэлэлт, садар самуунд уруу татах асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгчийн тайлан, E/CN.4/2004/9, Add.2, 2004 оны 2-р сарын 3

41. Гей, лесбиян, бисексуал, трансжендэр өсвөр насныхан тэр тусмаа хүчирхийлэлд өртдөг. Нийгмийн зүгээс тэдний бэлгийн чиг баримжаа болон хүйсийн чиг баримжаанд сөргөөр хандах үзэгдэл тэднийг мөлжлөгийн золиос болох үндэс суурийг тавьдаг.[6]

 

· Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, дүгнэлт: Польш, CAT/C/POL/CO/4, 2007 оны 5-р сарын 16

19. Польш Улсад цөөнх болон эмзэг бүлгүүдийн эсрэг буюу гей, лесбиянуудын эсрэг үзэн ядалтын үүдэлтэй үг яриа, ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас үүдсэн үйлдлүүд байсаар байгааг уг Хороо сэтгэл эмзэглэнгүй цохон тэмдэглэж байна. (16-р зүйл) Бэлгийн чиг баримжаанд үндэслэсэн ийм үзэн ядалтын үйлдлийг Польш Улс нь Эрүүгийн хуульдаа эрүүгийн гэмт хэрэг болгон тодорхойлох ёстой.[7]

 

· Хүүхдийн эрхийн конвенцын хороо, ерөнхий тайлбар No.4: Хүүхдийн эрхийн конвенцийн дагуу өсвөр настнуудын эрүүл мэнд болон хөгжил, CRC/GC/2003/4, 2003 оны 7-р сарын 1

6. Оролцогч талууд 18 наснаас доош бүх хүн Конвенциийн 2-р зүйлд заасны дагуу “яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, эд хөрөнгийн байдал, угсаа гарал, биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээл, үндэсний болон нийгмийн гарал болон бусад байдлаар алагчлалгүй” бүх эрхээ эдлэхийг нь хангах үүрэг хүлээнэ. Эдгээр үндэслэлд өсвөр насныхны бэлгийн чиг баримжаа болоод (ХДХВ/ДОХ болон сэтгэцийн эрүүл мэндийг оруулан) эрүүл мэндийн байдал мөн багтана.[8]

 

· Хүүхдийн эрхийн конвенцын хороо, ерөнхий тайлбар No. 3: ХДХВ/ДОХ болон хүүхдийн эрх, CRC/GC/2003/3, 2003 оны 3-р сарын 17

8. ...Бэлгийн чиг баримжаанд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт мөн сэтгэл эмзэглүүлсээр байна.[9]

 

· НҮБ-ын Ерөнхий ассамблейн арван есдүгээр чуулганы жилийн тайлан, CRC/C/80, 1998 оны 10-р сарын 9

236. [ …] Оролцогчид ХДХВ/ДОХ-ын нөхцөл байдлыг тайлагнахдаа гей хөвгүүд болон лесбиян охид эмзэг бүлэгт хамаарагддагаараа байнга хурц ялгаварлан гадуурхалтад өртдөг болохыг цохон тэмдэглэж байв.[10]

 

· Бүх хүн бие болон сэтгэцийн эрүүл мэндийн эрхээ дээд түвшинд эдлэх эрхийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгчийн тайлан, E/CN.4/2004/49, 2004 оны 2-р сарын 16

38. Бэлгийн чиг баримжаанд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт нь олон улсын хүний эрхийн хуульд зөвшөөршгүй зүйл гэдгийг баталсан. ....

54. Нөхөн үржихүй болон бэлгийн эрүүл мэндийн эрх нь бүх хүн ялгаварлан гадуурхалтад өртөх айдасгүйгээр бэлгийн чиг баримжаагаа илэрхийлэх эрхийг багтаадаг.[11]

 

· Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгчийн тайлан, E/CN.4/2005/64/Add.3, 2004 оны 11-р сарын 26

75. Мандатын үзэл санаа, мөн чанарынхаа дагуу Тусгай илтгэгч нь бэлгийн чиг баримжааг үл харгалзан бүх хүн өөрсдийн үзэл санаагаа илэрхийлэх, мэдээлэл авах, мэдээлэл өгөх эрхтэй хэмээн үзэж байна.[12]

 

· НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайлангууд, НҮБ-ын бүх тогтолцоонд эмэгтэйчүүдийн хүний эрхийг нэгтгэх асуудлаарх НҮБ-ын Ерөнхий х

нарийн бичгийн тайлан, E/CN.4/2005/68, 2005 оны 1-р сарын 10

14. Хүүхдийг худалдаалах, хүүхдийг биеэ үнэлэлт, садар самуунд уруу татах асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч тайландаа (E/CN.4/2004/9) үндэстний цөөнх болон уугуул хүүхдүүд, хэт ядуу хүүхдүүд, гудамжны хүүхдүүд, шилжин суугч хүүхдүүд, гей хүүхдүүд, лесбиян хүүхдүүд, бисексуал болон трансжендэр хүүхдүүд нь хүний наймаа болон бэлгийн мөлжлөгийн золиос болоход эмзэг өртөмтгий бүлгүүд хэмээн тодорхойлсон. Тэрээр цааш трансжендэр өсвөр насныхан ялангуяа эмзэг болохыг цохон тэмдэглэсэн.[13]

Одоогоор Монгол Улсын аливаа хууль тогтоомжинд ЛГБТ, ижил хүйстэн хүмүүс гэх мэт үг хэллэг ороогүй байгаа нь ЛГБТ хүмүүсийн эрх ямарваа байдлаар хамгаалагдаагүйг илтгэнэ. Хамгаалагдаагүйгээр үл барам цагдаа хууль сахиулах байгууллагын зарим ажилтнууд Эрүүгийн Хуулийн зарим заалтыг буруу ойлгон ашиглаж, ЛГБТ хүмүүсийн эрхэд хууль бусаар халдсан тохиолдлууд гарсан байдаг. Жишээ нь, 2004 оны 6-р сараас эхлэн Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн төсөл байсан Монголын Лесбиян Олон Нийт Мэдээллийн МИЛК Төв ажиллах үед МИЛК Төв болон түүний ажилтнууд садар самуун сурталчилсан хэмээх шалтгаар Цагдаагийн Ерөнхий Газраас хэд хэдэн удаа утсаар дуудаж дарамтлан айлгасан явдал гарч байсан, мөн ЛГБТ хувь хүмүүсийг баривчлах тушаалгүйгээр дур мэдэн саатуулдаг, аливаа гэмт хэрэг гарахад гей залуучууд болон трансжендэр хүмүүсийг дуудан байцаадаг тухай ЛГБТ олон нийт баримттай ярьсаар байгаа нь ЛГБТ хүмүүсийн хүний эрх үнэмлэхүй хэмжээнд зөрчигдөж байгааг илтгэдэг.

Шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт

Дээр дурьдсан зарчмуудын дагуу Монгол Улсын хууль тогтоомжид буй “хүйс” гэдэг үгийг бэлгийн болон хүйсийн чиг баримжааг багтаана гэсэн Үндсэн Хуулийн Цэц, Дээд Шүүхийн тайлбарууд шаардлагатай байгаагаас гадна тусгайлан бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт бүхий ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж гаргах шаардлага нэн яаралтай тулгараад байна.

Сүүлийн үед хэт үндсэрхэг үзэлтнүүд монгол угсаатны мөн чанар, түүх соёл, зан заншил, ёс уламжлалыг дэндүү явцуугаар ойлгож тодорхойлсноос үүдэн ЛГБТ хүмүүсийг, ялангуяа трансжендэр хүмүүсийг бие махбод болон бэлгийн хувьд хүчирхийлэх,[14] амь насанд нь халдахаар завдах үзэгдлүүд гарч эхэлсэн нь сэтгэл түгшээж байна. ЛГБТ хүмүүсийг хүчирхийлэх, хүчирхийлэлд турхирах үзэгдэл хэвийн, зүй ёсны мэт болж газар авч байна. Үйлдэл болон үг хэлээр илэрч буй эдгээр гэмт хэрэг нь олон улсын эрхзүйн хэм хэмжээнд үзэн ядалтаас үүдэлтэй хэмээн тодорхойлогдсон байдаг.

“Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг гэдэг нь хэн нэгэн хүн, эд хөрөнгө, байгууллага, гэмт халдлагын объектыг аливаа бүлэгт хамаарах жинхэнэ эсвэл үзэгдэх хамаарал, холбоо, тэднийг дэмжих дэмжлэг, гишүүнчлэлд нь үндэслэн үйлдэгдсэн бүх төрлийн гэмт үйлдлийг хэлнэ. Бүлэг гэдэг нь хүмүүсийн жинхэнэ эсвэл үзэгдэх арьсны өнгө, үндэсний болон үндэстний гарал, хэл, шашин, хүйс, нас, оюуны эсвэл биеийн хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа болон бусад адил хүчин зүйлд үндэслэсэн байж болно”[15] хэмээх Европын Холбооны тодорхойлолт үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргийг багтаагаад зогсохгүй, үзэн ядалтын үг хэллэг, үзэн ядалтад уриалан дуудаж турхирсан үг хэллэгийг мөн багтааснаар онцлог юм. НҮБ-аас үзэн ядалтаас үүдэлтэй гэмт үйлдлийг гэмт хэрэг хэмээн тодорхойлох ёстойг дээрх зарчмуудад мөн өгүүлсэн байна.

Монгол Улсад үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн тухай ойлголтыг бий болгох, эрхзүйн хүрээнд зохицуулан шийтгэх түвшинд хүрэх ёстой. Хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна гээд бусдын эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдах үндэсийг тавьж, үзэн ядалтыг илэрхийлэх нь эцсийн дүндээ бусдын эрх, эрх чөлөө, амь насанд халдахад хүргэж болзошгүй тул ийм төрлийн “хомроглон устгацгаая, буудан алцгаая” гэсэн үг хэллэгийг үзэн ядалтын гэмт хэрэгт багтаах ёстой.

Эдгээр гэмт халдлагад өртсөн ЛГБТ хүмүүс цагдаа, хуулийн байгууллагад хандах хүсэлгүй байдаг. Учир нь цагдаагийн ажилтнууд өөрсдөө ЛГБТ хүмүүсийн хүний эрхэд санаатай болон санамсаргүй байдлаар халддаг тул цагдаа үүргээ биелүүлж, ЛГБТ хүмүүсийг хамгаална гэсэн итгэл ЛГБТ хүмүүст байдаггүйгээс ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсан үзэн ядалтаас үүдсэн гэм хэргүүд бүртгэгдэлгүй өнгөрдөг. Хандсан ч цагдаагийн зарим зарим ажилтнууд мэдлэг, мэдээлэлгүйн улмаас бэлгийн эсвэл хүйсийн чиг баримжаанаасаа үүдэн гэмт хэргийн хохирогч болсон байхад, бэлгийн эсвэл хүйсийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхаж, доог тохуу хийн гаргадаг.[16]

Аливаа улсын иргэн болж төрсөн бүх иргэдэд олгогддог эрхийг зарим иргэдийн хувьд хязгаарлах ёсгүй. Хэрэв зарим иргэдийн эрхээ эдлэх нөхцлийг нь үл ханган, эрхийг нь санаатайгаар болон сaнамсаргүйгээр үгүйсгэн хязгаарлавал хүн бүр эрх тэгш хэмээх хүний эрхийн анхдагч зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болно. Ингэж хууль бусаар зарим иргэдийн эрхийг хязгаарлавал төр өөрөө хууль бус үйлдлийн эзэн болно.

Монгол Улс Үндсэн Хууль ба олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ жинхэнэ ёсоор биелүүлэх цаг ирсэн. Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн эсрэг хууль тогтоомж гаргаж, эрх, эрх чөлөө нь дэндүү зөрчигдсөөр байгаа ЛГБТ хүмүүсийн эрхийг ханган хамгаалах, эдлүүлэх цаг ирсэн.



[1] Н. Анараа (2006) “Амьдрах эрхгүй хүмүүс: Монголын ардчилал, хөгжлийн явц дах лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүсийн хүний эрх”, Хүний Эрх сэтгүүл, 2006 оны 3-р улирал, ХЭҮК: Улаанбаатар хот, х. 80-97 болон Нямдоржийн Анараа, Робин Гарнэр, 2008, “Монгол дах лесбиян болон бисексуал эмэгтэйчүүд, трансжендэр хүмүүсийн статус”, Эмэгтэйчүүдийн Эсрэг Бүх Төрлийн Алагчлалыг Устгах Конвенцийн Хорооны 42 дах хуралдаанд зориулсан сүүдэр илтгэлийг дараах холбоосоос олж үншина уу. http://www2.ohchr.org/english/bodies/cedaw/docs/ngos/Coalition_Mongolian_LGBT_Rights_Activists_Mongolia41.pdf

[2] Аливаа оронд бэлгийн цөөнх буюу ЛГБТ хүмүүс доод тал нь хүн амын арван хувийг эзлэдэг хэмээх өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн статистик байдаг.

[3] Toonen v. Australia, CCPR/C/50/D/488/1992, UN Human Rights Committee, 4 April 1994, http://www.unhcr.org/refworld/docid/48298b8d2.html

[4] UN Committee on Economic, Social and Cultural Rights (CESCR), General Comment No. 18: The Right to Work (Art. 6 of the Covenant), 6 February 2006, E/C.12/GC/18, http://www.unhcr.org/refworld/docid/4415453b4.html

[5] UN Sub-Commission on the Promotion and Protection of Human Rights, Study on non-discrimination as enshrined in article 2, paragraph 2, of the International Covenant on Economic, Social and Cultural Rights Working paper prepared by Emmanuel Decaux, 18 June 2004, E/CN.4/Sub.2/2004/24,  http://www.unhcr.org/refworld/docid/4152c5104.htm l

[6] UN Commission on Human Rights, Report on the Sixtieth Session, Supplement No. 3, 23 April 2004, E/CN.4/2004/127; E/2004/23, http://www.unhcr.org/refworld/docid/4267b3644.html

[7] UN Committee Against Torture (CAT), UN Committee against Torture: Conclusions and Recommendations, Poland, 16 July 2007, CAT/C/POL/CO/4, http://www.unhcr.org/refworld/docid/46a0b4d42.html

[8] International Commission of Jurists (2007) Sexual orientation and gender identity in international law: references to jurisprudence and doctrine of the United Nations Human Rights System, Geneva, page 8.

[9] UN Committee on the Rights of the Child (CRC), CRC General Comment No. 3: HIV/AIDS and the Rights of the Child, 17 March 2003, CRC/GC/2003/3, http://www.unhcr.org/refworld/docid/4538834e15.html

[10] International Commission of Jurists (2007) Sexual orientation and gender identity in international law: references to jurisprudence and doctrine of the United Nations Human Rights System, Geneva, page 13.

[11] Ibid.

[12] UN Commission on Human Rights, Report of the Special Rapporteur on the right to freedom of opinion and expression, Mission to Colombia, 26 November 2004, E/CN.4/2005/64/Add.3, http://www.unhcr.org/refworld/docid/42d66e320.html

[13] Updated report of the Secretary-General on integrating the human rights of women throughout the United Nations system, http://daccess-ods.un.org/access.nsf/Get?Open&DS=E/CN.4/2005/68&Lang=E

[14] Эрх чөлөөний худал хуурмаг (2010) баримтат кинонд баримтжуулсан гурван трансжендэр охиныг Даяар монгол бүлгэмийнхэн хүчиндэн, зодсон явдал 2009 оны 9 сарын сүүлээр гарсан юм.

[15] Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байггууллагаас гаргасан үзэн ядлаас үүдэлтэй гэмт хэргийн тодорхойлолтыг дараах холбоосоос олж үзнэ үү. http://tandis.odihr.pl/?p=ki-hc

[16] Сүүлийн хэдэн жилд ийм төрлийн үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэгт өртсөн ЛГБТ хүмүүс цагдаагийн газраас доог тохуу болоод хөөгдөж гарч байснаа ЛГБТ Төвд хандсан хүмүүс хэлж байсан. Хамгийн сүүлийн жишээгээр 2009 оны 7-р сард лесбиян хос гэрийнхээ гадаа зүс мэдэх хэдэн залуучуудад өөрсдийн бэлгийн чиг баримжаанас үүдэн зодуулсан явдал гарсан ба тэр үед Баянгол дүүргийн цагдаагийн газар мэдэгдэхэд “Дэмий юм ярьж цаг үрлээ” гэж хөөгдөн гарсан тэр хоёр эмэгтэй одоо Швед Улсын хамгаалалтад байна.

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.