Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаарх цагдаагийн сургалт

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний коммис нь Ази Номхон далайн хүний эрхийн үндэсний байгууллагуудын гишүүн байгууллага ба жил бүрийнхээ уулзалтаар тодорхой асуудлыг авч хэлэцдэг билээ.

Харин энэ жил бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаарх асуудлыг бүс нутгийн хэмжээнд тавьсныг үндэслэн ХЭҮК нь ЛГБТ Төвтэй хамтран ажиллахаар болсон юм. Хамтарсан үйл ажиллагааны хүрээнд хоёр байгууллага 10-р сарын 8-нд цагдаагийн ажилтнуудад бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа илэрхийллийн талаар сургалт хийх гэж байна. ЛГБТ олон нийт аливаа иргэний эсвэл эрүүгийн халдлага зөрчлийн хохирогч болсон тохиолдолд эрхээ хамгаалуулах, сэргээлгэх талаар цагдаад ханддаггүй, хандах хүсэлгүй, эсвэл хандсан ч асуудлыг нь хүлээж авч хэрэг бүртгэлд оруулдаггүйгээс эрх, эрх чөлөө нь хөсөрдсөөр байгаа талаар ЛГБТ хүмүүс ярьсаар байна.

Цагдаагийн байгууллагын эрхэм зорилго нь "Хуулийг дээдлэн, хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдралын баталгааг хангах", харин алсын хараа нь "Ажил үйлчилгээ нь нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн  амар тайван амьдралын баталагааг хангасан тэргүүлэх байгууллага болох" юм байна. Хамгийн сайшаалтай нь өнгөрсөн оны сүүлээр цагдаагийн байгууллага үйлчилгээний стандарт гэсэн 7 зүйл бүхий стандартыг нэвтрүүлжээ.

Үүнд:

5.3. Үйлчлүүлэгчийг ялгаварлан хандаж гадуурхах, үл тоомсорлосон сэтгэгдэл төрүүлхүйц үйлдэл хийх, хүнд суртал гарган үндэслэлгүй чирэгдүүлэх, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргах, уурлах, үгүйсгэх, өөрийг нь шалтгаангүйгээр буруутгах, танил тал харж, хувийн ашиг сонирхлын үүднээс хандах, бусдын нөлөөнд автах, аливаа иргэн болон байгууллагын эрх ашгийг илүүд үзэхийг хориглоно.
5.4. Үйлчлүүлэгчтэй маргалдах, хэл амаар доромжлох, дэл сул ач холбогдолгүй үг яриа, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэнэ.

5.5. Үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтийг үл тоомсорлон ач холбогдлыг бууруулах, бие даан шийдвэрлэх боломжтой асуудлыг хариу өгөхгүй орхих, гуравдагч этгээдийг буруутан болгох, бусдад шилжүүлэх зэрэг зохисгүй байдал гаргахыг хориглоно.

Эдгээр зүйлийн дагуу цагдаагийн байгууллагын ажилтнууд хүний эрхийг дээдлэх дээд үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр хохирогчдыг ялгалгүй, тэдэнд тохиолдсон зүйлийг хүнд суртал гаргалгүй шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Гэвч үүнийг идэвхтэй төлөвшүүлэх арга хэмжээ авах ёстой тул ЛГБТ Төвөөс ийн Хүний эрхийн үндэсний коммисстой хамтарч сургалт зохион байгуулж байгаа ба цаашдаа ийм сургалтуудыг дэс дараалан хийх төлөвлөгөө бий.

Цагдаагийн байгууллагын ажилтнуудын мэдлэг мэдээллийг дээшлүүлсэн тохиолдолд монголын цагдаа үнэхээр бүх иргэдийнхээ эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээхэд идэвхтэй байр суурьтай боллоо хэмээн үзэх үндэслэл бүрдэнэ. Сургалтаар үндэсний болон олон улсын эрх зүйн хэм хэмжээ, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн тодорхойлолт, үйлдэгсэдийн тухай, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогч болон тэдэнд үзүүлэх тусламж, хор хохиролыг нь тогтоох хэм хэмжээ, бусад орны ЛГБТ хүмүүстэй ажилладаг цагдаагийн ажилтнуудаас монголын цагдаа нарт ирүүлсэн илгээмж гэх мэт зүйлийг танилцуулан ярилцаж, цагдаагийн ажлитнуудын чадавхийг бэхжүүлэх юм. Сургалтын үеэр цагдаагийн ажилтнуудын ЛГБТ хүмүүсийн тухай хандлага ойлголтын судалгаа авч, цаашдын хууль сахиулах байгууллагуудтай хамтран зохион байгуулах үйл ажиллагааны үндэсээ болгох юм.

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.