"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
ЛГБТ Төвийн ажилтнууд
Ажилтнууд
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 02, Ням гариг, 23:15
ЛГБТ Төв одоогоор гурван ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. ЛГБТ Төвийн Гүйцэтгэх захирал Робин Гарнэр хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээлэл дэх хүний эрхийн чиглэлээр хорь орчим жилийн туршлагатай Австралийн уугуул. Монгол оронд анх зургаан жилийн өмнө ирсэн ба энэ хугацаанд хэвлэл мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагааны чиглэлээр Пакт, Швецарийн хөгжлийн агентлаг, Азийн сан, НҮБ гэх мэт олон улсын байгууллагуудад зөвлөхөөр ажилласан. Монгол иргэнтэй гэр бүл болсоор таван жил гаруй болж буй Роб Монголыг өөрийн эх оронд тооцдог ба Монголын ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө ажилласаар ирсэн. 2007 онд анх байгуулагдсан ЛГБТ Төвийн ууган үүсгэн байгуулагчдын нэг.
ЛГБТ Төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежер ба санхүүгийн ажилтнаа давхар хийдэг Н.Мөнхзаяа манай ЛГБТ олон нийтийн залуу нэгэн гишүүн боловч олон жилийн өмнөөс ЛГБТ хүмүүсийнхээ дунд орж ирсэн нэгэн. Санхүү, нягтлан бодохын сургуулиа дүүргээд ЛГБТ Төвийн санхүүгийн ажилтнаар 2010 оноос ажиллаж эхэлсэн. "Би энэхүү Монголын ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллагад ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Одоогоор Монгол Улсад ЛГБТ олон нийтийг буруугаар ойлгох, доромжлох, ил ба далд маягаар гадуурхах үзэгдэл гарсаар байгаа. Үүнээс болж ЛГБТ хүмүүсийн эрх чөлөө, аюулгүй байдал цаг үргэлж зөрчигддөг. Энэ байдлыг таслан зогсоох, өөрсдийнхөө эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө тэмцэх цаг нь аль хэдийн болсон шүү, ЛГБТ олон нийт, найз нөхөд, ахан дүүс минь. Би энэхүү ажилд бага ч болов оролцож байгаадаа, өөрийн мэдэж сурсан зүйлээрээ ажиллаж, туслаж, дэмжиж, хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Та бүгдийг ч бас энэхүү миний ажиллаж буй ЛГБТ Төвийн үйл ажиллагаанд идвэхтэй оролцохыг уриалж байна. Бүгдэд нь аз жаргал хүсье."
















