Аюулгүй ажлын байр

Аюулгүй ажлын байр санаачлагын тухай

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 13, Пүрэв гариг, 00:00

“Аюулгүй ажлын байр санаачлага” гэж юу вэ?

Монгол Улсад ЛГБТ хүмүүсийг ажлын байранд нь ялгаварлан гадуурхах байдал байнга гардаг үзэгдэл. Энэхүү ялгаварлан гадуурхалт, ЛГБТ ажилтнуудыг тохуурхах, гадуурхах, доромжлохыг үл зөвшөөрсөн аюулгүй ажлын байруудыг бий болгоход ажил олгогчид манлайлах үүрэг гүйцэтгэж чадна хэмээн ЛГБТ Төв итгэж байна.

Энэ санаачлагын зорилго нь ЛГБТ хүмүүст ээлтэй, ЛГБТ хүмүүсийг үл ялгаварладаг байгууллага, ажил олгогчдын сүлжээг бий болгон хөгжүүлэх, аюулгүй ажиллах нөхцөлийг хангадаг байгууллагуудыг дэмжихэд оршино. ЛГБТ хэмээх товчлол нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр гэсэн бэлгийн болон хүйсийн чиг баримжааны цөөнхийг нэрлэх олон улсын нэр томъёо билээ.

ЛГБТ Төв бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн байгууллагын соёлыг Монголд хөгжүүлэхийг зорьж байна. Хүний эрх, өөр өөр байдал, бүгдийн эрх чөлөөг жинхэнэ утгаар хүндэтгэдэг, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчдэг шинэ үеийн манлайлагч болохыг ЛГБТ Төв ажил олгогчдод уриалж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 2-т заасан “хүйс” хэмээх ойлголтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хороо 1994 оны тайлбартаа дотроо бэлгийн чиг баримжааг багтаадгийг олон улсын эрх зүйн жишиг болгон хуульчилсан. Хүйсийн чиг баримжаа нь хүн өөрийгөө эр, эм хүйс хэмээн тодорхойлох, түүнийхээ дагуу өөрийгөө илэрхийлэх гэсэн үндсэн шинж чанарыг агуулдгаараа “хүйс” гэдэгт шууд багтана.

“Аюулгүй ажлын байр санаачлага” яагаад хэрэгтэй вэ?

“Ажил дээрээ байхад хааяа хүмүүс миний нүүрэн дээр ижил хүйстэн хүмүүс заваан, гаж гэж хэлдэг ... Миний амьдралыг мэдсээр байж шүү дээ тэгж хэлдэг.” —  Лесбиян, Улаанбаатар хот

Хамт ажилладаг хүмүүст нь ЛГБТ хүмүүсийн бэлгийн эсвэл хүйсийн чиг баримжаа мэдэгдэхэд тэдний хүний эрх ажлын байрны орон зайд нь зөрчигдөж эхэлдэг. Олон ЛГБТ хүмүүсийг ажлаас нь өөр шалтгаар халах, эсвэл доромжлолыг тэсэхэд хүнд болоход тэд өөрсдөө ажлаасаа гардаг байна.

“[Хамт ажилладаг хүмүүс] намайг хараад жиг жуг гээд инээлддэг байсан. Харин нолийн өрөө ороход тэнд байсан залуучууд шууд гарч явна.” — Трансжендэр эмэгтэй, Улаанбаатар хот

Ажлын байран дах ялгаварлан гадуурхалт, тэр дундаа үг хэлээр доромжилсон, хяхаж хавчсан, бие махбодоор хүчирхийлсэн олон тохиолдлыг ЛГБТ Төв баримтжуулсан. Энэ үзэгдэл аливаа нэг байгууллага, сектораар хязгаарлагддаггүй. Энэ ялгаварлан гадуурхалт хаа сайгүй явагддагаас ЛГБТ хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх, тодорхой амьжиргааны түвшинтэй байх үндсэн эрхүүд нь ноцтой зөрчигддөг.

Ялгаварлан гадуурхалтыг зогсоох цаг иржээ.

Ажил олгогч яах вэ?

Ажлын байран дах ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, дуусгавар болгохын төлөө манлайлахыг ЛБГТ Төв танаас хүсч байна. «Аюулгүй ажлын байр санаачлага»-д нэгдсэнээр  та:

  1. Ажилтан шалгаруулж авахдаа ЛГБТ хүмүүсийг бэлгийн болон хүйсийн чиг баримжаанд нь үндэслэн ялгаварлахгүй байх.
  2. Нийт ажилтнуудынхаа дунд бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар үл ялгаварлах зарчмыг идэвхтэй сургах, сурталчлах, дэлгэрүүлэх.
  3. ЛГБТ ажилтнуудыг бэлгийн болон хүйсийн чиг баримжаанд нь үндэслэн ямарваа байдлаар ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох тухай байгууллагын журам боловсруулан батлах.
  4. ЛГБТ ажилтнууддаа ажил хөдөлмөртөө гаргасан амжилтынх нь дагуу өсөн дэвжих боломжийг бусад ажилтнуудад олгодогтой адил эрх тэгш зарчимд үндэслэн олгох.
  5. Бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар шууд ба дам ялгаварлан гадуурхсан үг хэл, үйлдэл гаргасан ажилтнууддаа нэн даруй арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

Санаачлагад нэгдсэн тохиолдолд танай байгууллагын лого ЛГБТ төвийн вэбсайтын энэ хэсэгт “Эрх тэгш ажил олгогч” нэртэйгээр тавигдаж, бусад байгууллага, хүмүүст үлгэр дуурайл болох юм.

Энэхүү санаачлагад нэгдэх хүсэлтэй албан байгууллагууд энэ холбоосоос нэгдэх зөвшилцлийг татан авч бөглөөд, байгууллагынхаа логотой хамт ЛГБТ Төвийн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим шуудангаар явуулна уу.

   
JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Зохиогчийн эрх © 2012 Монголын ЛГБТ Төв. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.