Трансжендэр асуудлын хөтөлбөр

АМЕРИКИЙН СЭТГЭЛ ЗҮЙН НИЙГЭМЛЭГ: ТРАНСЖЕНДЭР ХҮМҮҮС БА ХҮЙСИЙН БАРИМЖАА, ИЛЭРХИЙЛЛИЙН ТАЛААРХ АСУУЛТ ХАРИУЛТ

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2011 оны 7-р сарын 28, Пүрэв гариг, 19:24

АМЕРИКИЙН СЭТГЭЛ ЗҮЙН НИЙГЭМЛЭГ: ТРАНСЖЕНДЭР ХҮМҮҮС БА ХҮЙСИЙН БАРИМЖАА, ИЛЭРХИЙЛЛИЙН ТАЛААРХ АСУУЛТ ХАРИУЛТ[1]

Трансжендэр гэж юу вэ?

Трансжендэр гэдэг нь эмэгтэй эсвэл эрэгтэй гэж өөрийгөө мэдрэх хүйсийн баримжаа мэдрэмж нь төрөлхийн хүйсээс нь өөр, эсвэл төрөлхийн хүйст нь оноогддог жендэрийн хэм хэмжээнээс өөрөөр жендэрээ илэрхийлдэг хүмүүсийг нэрлэх ерөнхий нэр томъёо юм. Олон трансжендэр хүмүүс зуун хувь эсвэл амьдралынхаа зарим хэсэгт өөрийгөө мэдэрч буй хүйсээрээ амьдардаг. Ерөнхийдөө өөрийгөө тодорхойлж буй тодорхойлолт, гаднах төрх, биеэ авч явж буй байдал нь төрөлхийн хүйсийнх нь жендэрийн хэм хэмжээнээс хальсан хүнийг трансжендэр хэмээн тодорхойлох ч тийм байдлаар өөрийгөө илэрхийлж, хувцаслаж, биеэ авч явж буй хүн бүр өөрийгөө трансжендэр хэмээн тодорхойлдоггүй.

 

Хүйс, жендэр хоёр ямар ялгаатай вэ?

Хүйс гэдэг нь эр эсвэл эм байх биологийн байдал юм. Үүнд бэлгийн хромосом, гонад, бэлгийн даавар, нөхөн үржлийн дотоод ба гадаад эрхтэнүүд багтана. Жендэр гэдэг нь хөвгүүд/эрчүүд ба охид/эмэгтэйчүүд биеэ авч явах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө мэдрэх, илэрхийлэх байдлыг зохицуулагч нийгмийн хүйс, хэм хэмжээ юм. Биологийн хүйсийн өгөгдөхүүн нь өөр өөр соёлуудад ижил байж болох ч жендэрийн өгөгдөхүүн, илэрхийлэл нь өөр соёлуудад ижил байдаггүй.

 

Трансжендэр хүмүүсийн ямар ангилал, төрөл байдаг вэ?

Транссексуал хүмүүс нь төрөлхийн хүйсээсээ эсрэг хүйсээр амьдардаг эсвэл амьдрахыг хүсдэг трансжендэр хүмүүс юм. Биологийн хүйс нь эм ч эрэгтэй хүнээр амьдрах хүсэлтэй хүнийг эмэгтэйгээс эрэгтэй транссексуал эсвэл транссексуал эрэгтэй гэнэ. Биологийн хүйс нь эр ч эмэгтэй хүнээр амьдардаг эсвэл амьдрахыг хүсдэг хүнийг эрэгтэйгээс эмэгтэй транссексуал эсвэл транссексуал эмэгтэй гэнэ. Транссексуал хүмүүс ихэвчлэн дааврын эмчилгээ, мэс засал хийлгэн өөрийгөө мэдэрч буй хүйст биеэ нийцүүлэхийн тулд эмчилгээ хүсч, ийм замыг эрэлхийлдэг. Энэ үйл явцыг хүйсийн шилжилт хэмээн нэрлэдэг.

 

Нөгөө хүйсийн хувцсыг өмсөгч хүмүүс буюу трансвестит хүмүүс трансжендэр бүлэгт хамаардаг. Трансвестит хүмүүс нөгөө хүйсийн хувцсыг өмсөхдөө нэг ширхэг, эсвэл иж бүрэн хувцас өмсдөг. Ийн хувцаслах сэдэл нь өөр өөр байж болно. Зарим трансвестит хүмүүс өөрийн трансжендэр мэдрэмжээ илэрхийлэхийн тулд ийн хувцасладаг бол зарим трансвестит хүмүүс зугаацахын тулд, зарим нь сэтгэл зүйн тайвшрал авахын тулд, зарим нь бэлгийн сэрэл авахын тулд ингэж хувцасладаг. Ихэнх трансвестит хүмүүс эмэгтэйчүүдэд татагддаг биологийн эр хүйстэн хүмүүс байдаг.

 

Дрэг күийн нь биологийн эр хүйстэн бол дрэг кингууд нь биологийн эм хүйстэн байдаг ба гол төлөв урлагийн илэрхийллийн хувьд ийн нөгөө хүйсийн хувцсыг өмсдөг. Тэдний урлагийн тоглолтод дуу, бүжиг, ам барих үзүүлбэр орно. Олон дрэг күийнүүд болон дрэг кингууд өөрсдийгөө гей, лесбиян эсвэл бисексуал хэмээн тодорхойлдог.

 

Трансжендэр хүмүүсийн бусад ангилалд андрожийн буюу эр эмийн шинжийг хослуулсан, хоёр жендэрт, жендэргүй хэмээн өөрсдийгөө тодорхойлдог хүмүүс багтдаг ба эдгээр нь ихэнхдээ аль аль хүйсийг хослуулсан, эсвэл ээлжилсэн хэмээх утгыг агуулдаг ангиллууд юм. Эдгээрийн тодорхойлолт хүн хүний хувьд өөр байж болно. Зарим хүмүүс уламжлалт эр, эм хэмээх хүйсийн томъёоллыг хэтэрхий хязгаарлагдмал хэмээн үздэг учир дээрх ангиллыг хэрэглэх нь бий.

 

Трансжендэр хүмүүс хүн төрөлхтөний түүхэнд байсаар ирсэн үү?

Барууны болон барууны бус соёл иргэншил, нийгмүүдэд эртний үеэс эхлэн өнөөг хүртэл трансжендэр хүмүүс оршсоор ирснийг баримтжуулсан байдаг. Жендэрийн хэм хэмжээ нийгэм бүрт харилцан өөр өөр байсан ч эдгээр хэм хэмжээнээс хальсан илэрхийлэлтэй хүмүүс хүн төрөлхтөний түүхэнд байсаар ирсэн.

Яагаад зарим хүмүүс трансжендэр байдаг вэ?

Яагаад зарим хүмүүс трансжендэр байдаг талаар бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг тайлбар байдаггүй. Трансжендэр байдлын илэрхийлэл нэн өргөн хүрээтэйгээс харахад ганцхан тайлбар хангалтгүй. Ихэнх шинжээчид трансжендэр байдлыг генийн нөлөө болон эхийн хэвлий дэх дааврын хэмжээтэй холбон тайлбарладаг бол зарим шинжээчид үүнийг тодорхой хэмжээгээр өссөн орчин ба нийгмийн нөлөө хэмээн тайлбарладаг.

 

Трансжендэр хүмүүс хэр их вэ?

Барууны орнуудад трансжендэр хүмүүсийн тоог тодорхойлоход хүндрэлтэй. Биологийн эр хүйстэн хүмүүсийн 2-3% нь эмэгтэй хувцас заримдаа өмсдөг. Харин транссексуал хүмүүсийн хувьд 10,000 биологийн эр хүйстэнд нэг транссексуал, 30,000 биологийн эм хүйстэнд нэг транссексуал ноогддог гэсэн судалгаа байдаг. Бусад трансжендэр ангиллын хүмүүсийн тоо байхгүй.

 

Трансжендэр байдал ба бэлгийн чиг баримжаа хоорондоо ямар хамааралтай вэ?

Эмэгтэй хувцас өмсдөг биологийн эрэгтэйчүүдийн ихэнх нь бэлгийн хувьд эмэгтэйчүүдэд татагддаг. Хүмүүс хүйсийн баримжаа болон бэлгийн чиг баримжааг хоёр тусдаа зүйл хэмээн мэдэрдэг. Бэлгийн чиг баримжаа нь тухайн хүн эмэгтэй, эсвэл эрэгтэй, эсвэл аль аль хүйсийн хүмүүст татагдаж буй байдал бол хүйсийн баримжаа илэрхийлэл нь хүн өөрийгөө эмэгтэй, эсвэл эрэгтэй, эсвэл трансжендэр хэмээн мэдэрч буй мэдрэмж юм. Шилжилтээсээ өмнө эмэгтэйчүүдэд татагддаг байсан хүн шилжилтийнхээ дараа ч эмэгтэйчүүдэд татагдсан хэвээр байдаг. Харин эрэгтэйчүүдэд татагддаг байсан хүн шилжилтийнхээ дараа ч эрэгтэйчүүдэд татагдсан хэвээр байдаг. Жишээ нь, эрэгтэйгээс эмэгтэй транссексуал хүн эмэгтэйчүүдэд татагддаг байгаад шилжилтээ хийсний дараа өөрийгөө лесбиян хэмээн тодорхойлно.

 

Трансжендэр хүмүүс хэрхэн трансжендэр гэдгээ мэддэг вэ?

Өөрсдийн трансжендэр байдлаа зарим трансжендэр хүмүүс анх ухаан орох цагаасаа мэдэрч мэддэг байсан бол зарим нь амьдралынхаа явцад мэдэж мэдэрдэг. Зарим трансжендэр хүмүүс өөрсдийнхөө трансжендэр байдлыг хүлээн зөвшөөрч, түүнийхээ дагуу амьдардаг бол зарим нь энэ байдлаасаа үүдэн сэтгэл санаагаар унах, үүнээсээ ичих гэх мэт мэдрэмжийг мэдэрдэг. Зарим трансжендэр хүмүүс, ялангуяа транссексуал хүмүүс төрөлхийн хүйс болон түүнтэй холбоотой нийгмийн хүйсийн хэм хэмжээг хүлээн зөвшөөрч чаддаггүйгээсээ үүдэн ихэвчлэн хүйсийн шилжилтийг эрэлхийлдэг.

 

Эцэг эх нь трансжендэр хүүхдээ яах ёстой вэ?

Трансжендэр харагдаж, өөрийн төрөлхийн хүйсийн хэм хэмжээнээс өөрөөр биеэ авч явж буй хүүхдийнхээ талаар эцэг эх санаа зовох нь олон шалтгаантай. Зарим хүүхдүүд төрөлхийн хүйс, түүнээс урган гарах нийгмийн хүйсээр оноогдсон хэм хэмжээг нэн эмзэгээр мэдэрч, тэдгээрийг үгүйсгэдэг. Зарим хүүхдийн хувьд хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж бусад хүүхэд, насанд хүрсэн хүмүүстэй харилцахад бэрхшээлтэй байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ “ийм үе” дуусахгүй байгаад санаа зовох магадлалтай. Ийм хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль болон бусад газарт хүүхдийнхээ хэрэгцээг ойлгуулж, аюулгүй байдлыг нь хангах талаар сургуулийн удирдлагатай ажиллах шаардлагатай. Мөн хүүхдийн хүйсийн илэрхийллийн асуудлаар мэргэшсэн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Ихэнхдээ хүүхдийг төрөлхийн хүйсийнх нь дагуу биеэ авч явахыг хүчээр тулгах нь сайн үр дүнд ердөө хүргэдэггүй. Ийм хүүхэдтэй бусад ээж аавуудтай уулзах нь танд мөн дэмжлэг болно.

 

Транссексуал хүмүүс нэг хүйсээс нөгөөрүү хэрхэн шилждэг вэ?

Нэг хүйсээс нөгөөрүү шилжинэ гэдэг олон зүйлээс бүрэлддэг үйл явц. Шилжилтээ эхэлж буй хүмүүс аюулгүй хэмээн мэдэрч буй орчинд өөрийгөө тодорхойлдог хүйсээрээ илэрхийлж эхэлдэг. Бага багаар өөрчлөлт хийсээр өөрийнхөө тодорхойлдог хүйсийн дагуу амьдарч эхэлдэг. Хувцаслалтаас эхлэн нэрээ өөрчлөх, бичиг баримтан дах хүйсээ өөрчлөх, өөрчилснийхөө дагуу бичиг баримтаа шинэчлүүлэх, даавар орлуулах эмчилгээ хийлгэх, өөрийгөө тодорхойлдог хүйсийнхээ дагуу хоёрдагч бэлгийн шинжээ өөрчлөх, харин эрэгтэйгээс эмэгтэй транссексуал хүмүүсийн хувьд үс сахал болон биеийн үсийг электролиз эсвэл лазераар авахуулах гэсэн зүйлээс шилжилт бүрддэг. Энэ асуудлаар мэргэшсэн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнг олж, цаашлаад шилжилттэй холбоотой бусад эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх нь хүйсийн шилжилтийн нэн чухал анхны алхам юм. Трансжендэр хүмүүсийг дэмжих бүлгүүд болон трансжендэр хүмүүсийн төлөө ажилладаг байгууллагууд дээр бусад трансжендэр хүмүүстэй уулзаж сэтгэл санааны дэмжлэг авах их чухал.

 

Харри Бэнжамины нэрэмжит хүйсийн баримжааны эмгэгийн олон улсын холбоо (HBIGDA) нь трансжендэр хүмүүсийн эмчилгээгээр мэргэшсэн мэргэжлийн байгууллага ба “Хүйсийн баримжааны эмгэгүүдийг эмчлэх стандарт”-ыг батлан гаргадаг юм. Эмчилгээний стандарт нь хүйсийн шилжилттэй холбоотой үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх зарчмуудын цогц юм.

 

Трансжендэр байх нь сэтгэцийн эмгэг үү?

Нэн хүндээр мэдрэгдэж буй, өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж буй сэтгэл зүйн байдлыг л сэтгэцийн эмгэг хэмээн тодорхойлдог. Ихэнх трансжендэр хүмүүс трансжендэр байдлаа сөргөөр буюу нэн хүндээр хүлээж авдаггүй, трансжендэр байдлаасаа болж өдөр тутмынхаа зүйлийг хийж чадахгүй байдалд хүрдэггүй. Тиймээс трансжендэр байх нь сэтгэцийн эмгэг биш. Эдгээр хүмүүсийн хувьд өөрийгөө тодорхойлдог хүйсийг илэрхийлэхэд ялгаварлан гадуурхалтгүй дааврын эмчилгээ ба мэс засал хийлгэх, нийгмийн дэмжлэг хүртэх гэх мэт асуудал илүү хурцаар тавигддаг. Гэхдээ зарим трансжендэр хүмүүс өөрийн трансжендэр байдлаа их хүндээр хүлээж авдаг. Ялангуяа транссексуал хүмүүс төрөлхийн хүйс ба тухайн хүйст хамаарах нийгмийн хүйсийн хэм хэмжээ болон өөрийгөө мэдэрч буй хүйсийн хоорондох ялгааг их хүндээр хүлээж авдаг. Энэ ялгааг хүйсээ үгүйсгэх хэмээн нэрлэдэг.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоо ба статистикийн гарын авлага дах сэтгэцийн оношилгооны стандартын дагуу хүмүүс төрөлхийн хүйсээ үргэлжилсэн шинж чанартайгаар хүчтэй үгүйсгэж байгаа тохиолдолд эдгээр хүмүүст хүйсийн баримжааны эмгэгтэй хэмээх оношийг тавьж болдог. Энэ онош нь сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, трансжендэр хүмүүсийн дунд их зөрчил үүсгэдэг. Зарим нь хүйсийн илэрхийллийг патологижуулах буюу эмгэг хэмээн үзэх нь зохисгүй гэдэг бол АНУ-д эрүүл мэндийн тогтолцоонд трансжендэр хүмүүс хүйсийн шилжилтийн эмчилгээг зүй ёсоор хүртэхийн тулд энэ онош нь зайлшгүй хэмээн зарим нь үздэг.


Трансжендэр хүмүүс ямар сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг вэ?

Трансжендэр хүмүүс нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд трансжендэр бус хүмүүсийн адил асуудалтай тулгарч болдог. Хэдий тийм ч нийгмийн зүгээс ирэх ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, мөн дотоод зөрчил нь тэднийг сэтгэцийн эрүүл мэндийн тодорхой эрсдэлд оруулдаг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн дэмжлэггүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж чадахгүй байх гэх мэт нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болдог бол найз нөхөд, гэр орныхон, мэргэжлийн туслалцаа нь хамгаалах хүчин зүйл болдог.

 

Трансжендэр хүмүүс ямар төрлийн ялгаварлан гадуурхалтад өртдөг вэ?

АНУ-ын ихэнх хот, мужууд дах ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулиуд нь хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтын эсрэг заалтгүй байдгаараа трансжендэр хүмүүсийг хамгаалдаггүй. Тиймээс ихэнх хот, мужууд дах трансжендэр хүмүүс орон байртай байх, хөдөлмөрлөх, хүүхдүүдээ асран хамгаалах, эсвэл гэрлэлтээ хууль ёсоор хүлээн зөвшөөрүүлэх эрхээ эдлэх дээр асуудалтай байдаг. Олон трансжендэр хүмүүс үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн золиос болдог. Өөрсдөө шууд золиос болоогүй ч хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт бүх трансжендэр хүмүүсийн аюулгүй байдал эрсдэлд орсон мэт мэдрүүлэх, бусад трансжендэр хүмүүсийг сэтгэл санааны хувьд гүн хямраадаг.

 

Трансжендэр гэр орны гишүүн, найз нөхөд, хань ижлээ би хэрхэн дэмжих вэ?

· Трансжендэр асуудлаар аль болох илүү зүйл уншиж мэд.

· Хүйсийн илэрхийлэл ба биеэ авч явах нь төрөлхийн хүйсийнх нь хэм хэмжээнээс өөр хүмүүст хэрхэн хандаж байгаа өөрийн хандлагаа эргэж нягтал.

· Тухайн хүний хүйсийн илэрхийлэлд нийцсэн нэр ба төлөөний үгийг хэрэглэ. Хэрэв эргэлзэж байвал өөрөөс нь тодруул.

· Трансжендэр хүмүүсийн бэлгийн чиг баримжаа, мэс засал, дааврын эмчилгээ, шилжилтийн төлөвлөгөө гэх мэтийн талаар асуугаагүй мөртлөө ойлголттой хэмээн өөрийгөө бүү бод. Мэдэх шалтгаантай бол тодруулж асуу.

· Төрөлхийн хүйсээ үгүйсгэхийг хүйсийн илэрхийлэлтэй бүү холь. Төрөлхийн хүйсээ үгүйсгэдэг эрэгтэйгээс эмэгтэй трансжендэр хүмүүс заавал эмэгтэйлэг шинжтэй байдаггүйтэй адил эмэгтэйлэг илэрхийлэлтэй эрэгтэй хүн бүр хүйсээ үгүйсгэдэггүй. Харин төрөлхийн хүйсээ үгүйсгэдэг эмэгтэйгээс эрэгтэй трансжендэр хүмүүс заавал эршүүд харагддаггүйтэй адил эршүүд харагддаг эмэгтэй хүн бүр хүйсээ үгүйсгэдэггүй.

· Таны амьдрал дах трансжендэр хүнтэй харилцах харилцаагаа нээлттэй байлга.

· Үзүүлж буй хандлагаа ойлгоход туслалцаа шаардлагатай бол туслалцаа эрэлхийл. Хэн нэгэн хүйсийн шилжилтэд орж буйд дасах цаг хугацаа шаардагдах ба транссексуал хүний хань ижил, эцэг эх, хүүхдүүдийн хувьд шилжилтийг хүндээр хүлээж авах тал бий.

· Мэдэрч буй зүйлээ ойлгож, хүлээн зөвшөөрөхөд туслалцаа, дэмжлэг эрэлхийл. Та ганцаараа биш. Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ба трансжендэр хүмүүсийн гэр орныхон, найз нөхөд, хань ижилд дэмжлэг үзүүлэх бүлгүүд танд хэрэгтэй мэдээлэл өгч туслана.


Трансжендэр асуудлын талаар би хаанаас илүү мэдээлэл олох вэ?

 

Монгол хэл дээр:

 

ЛГБТ Төв

Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

www.lgbtcentre.mn/mn

 

Англи хэл дээр:

 

Америкийн сэтгэл зүйн холбоо

American Psychological Association
750 First Street, NE
Washington DC, 20002
202-336-5500
www.apa.org/pi/lgbc/transgender

 

Харри Бэнжамины нэрэмжит хүйсийн баримжааны эмгэгийн олон улсын холбоо

The Harry Benjamin International Gender Dysphoria Association, Inc.
World Professional Association of Transgender
1300 South Second Street, Suite 180
Minneapolis, MN 55454
612-624-9397
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. (e-mail)
www.hbigda.org

 

FTMInternational (FTM гэдэг нь эмэгтэйгээс эрэгтэй транссексуал гэсэн үг)
740A 14th St. #216
San Francisco, CA 94114
877-267-1440
www.ftmi.org

 

Олон нийтийн жендэрийн нөлөөллийн эвсэл

Gender Public Advocacy Coalition
1743 Connecticut Ave., NW
Fourth Floor
Washington, DC 20009
202-462-6610
www.gpac.org

 

Трансжендэр тэгш байдлын үндэсний төв

National Center for Transgender Equality
1325 Massachusetts Ave., Suite 700
Washington, DC 20005
202-903-0112
www.nctequality.org

 

Лесбиян, гей хүмүүсийн эцэг эх, гэр орныхон, найзууд (PFLAG)-ын трансжендэр сүлжээ (TNET)

Parents, Families, and Friends of Lesbians and Gays (PFLAG) Transgender Network (TNET)
1726 M Street, NW
Suite 400
Washington, DC 20036
202-467-8180
www.pflag.org/TNET.tnet.0.html

 

Силвия Риверагийн хуулийн санаачлага

Sylvia Rivera Law Project
322 8th Avenue
3rd Floor
New York, NY 10001
212-337-8550
www.srlp.org

 

Трансжендэр эрх зүйн төв

Transgender Law Center
870 Market Street
Room 823
San Francisco, CA 94102
415-865-0176

www.transgenderlawcenter.org

 

Энэхүү брошурыг АСХ-ны хүйсийн баримжаа, хүйсийн вариац, интерсекс байдлын ажлын хэсгийн гишүүд 2006 онд боловсруулсан болно. Үүнд: Маргарет Шнайдер, PhD, Торонтогийн их сургууль; Волтер O. Боктинг, PhD, Миннесотын их сургууль; Рэндолл D. Эхрбар, PsyD, “Манай олон нийтийн төлөө шинэ навч үйлчилгээ”, Сан Франциско, Калифорни; Анн A. Лорэнс, MD, PhD, Сиаттл, Вашингтон; Кэтрин Луиз Раклин, PhD, Нью Йорк, Нью Йорк; Кеннет Ж. Зүүкэр, PhD, Дадал, сэтгэцийн эрүүл мэндийн төв, Торонто, Онтарио, Канад. АСХ-ны олон нийт болон гишүүдтэй харилцах хэлтсээс эрхлэн гаргав.

 

Англиас монголруу орчуулсан Н. Анараа, ЛГБТ Төв, 2011 он

 


[1] Англи дээрх хувилбараараа http://www.apa.org/topics/sexuality/transgender.pdf дээр бий

   

Транс тархи

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2011 оны 2-р сарын 02, Лхагва гариг, 09:56

Ирэх хэдэн долоо хоногт трансжендэр хүмүүсийн тархины бор давхаргыг төрөлхийн хүйсээрээ амьдрагч, төрөлхийн хүйсээрээ өөрийгөө тодорхойлогч буюу богиноор сизжендэр гэдэг хүмүүсийнхтэй харьцуулан судласан судалгаанууд нийтлэгдэх гэж байна. Эдгээр судалгаа нь транс хүмүүсийг бие эрхтэнээр нь тодорхойлж, тэдэнд аль болох эрт хүйсийн шилжилтэд орох боломжийг нээх ач холбогдолтой юм. Өмнөх судалгаанууд зөвхөн нас нөгцсөн хүмүүсийн тархины бор давхаргыг судлаж байсан ч технолог хөгжихийн хэрээр амьд хүмүүсийн тархины бор давхаргыг судлах боломжтой болсноор Испанийн Мадрид дах Холын зайны сургалтын үндэсний их сургуулийн Антонио Гийямоноор ахлуулсан судлаачдын баг нэг судалгааг гүйцээжээ. Ирэх сард хэвлэгдэх судалгаанд ямарваа нэг хүйсийн шилжилтийн эмчилгээнд ороогүй эмэгтэйгээс эрэгтэй 18 трансжендэр хүмүүсийн тархийг соронзон авиа дүрслэгч MRI-аар сканнердэж 24 сизжендэр эрэгтэй, 19 сизжендэр эмэгтэй хүмүүсийнхтэй харьцуулжээ. Сизжендэр эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тархины бүтэц нь нэлээд ялгаатай байсан нь харагдсан ба харин эмэгтэйгээс эрэгтэй транс хүмүүсийн тархины бор давхарга сизжендэр эрэгтэйчүүдийнхтэй адил байжээ. Судалгааны багийн ахлагч Гийямон “Түүхэнд анх удаа бид транс эрэгтэйчүүдийн тархины бүтэц эрэгтэй хүнийх шиг гэдгийг батлаж чадлаа” гэжээ. Түүнээс гадна бас нэг өөр судлагааны баг адилхан судлагааны аргаар эрэгтэйгээс эмэгтэй 18 трансжендэр эмэгтэйчүүдийг тархийг 19 сизжендэр эрэгтэй, 19 сизжендэр эмэгтэйчүүдийнхтэй харьцуулжээ. 18 транс эмэгтэйчүүдийн тархи бүтцээрээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн яг дунд байсан нь батлагджээ. “Транс эмэгтэйчүүдийн хувьд тэдний тархи нь бүрэн дүүрэн эмэгтэйжээгүй, бас бүрэн эрэгтэй биш ч тэд өөрсдийгөө эмэгтэй хэмээн мэдэрч байсан” хэмээн Гийямон хэлжээ.

Эдгээр судалгаануудын судлагдахуун тархины дөрвөн хэсэг нь хэрхэн хүний хүйсээ мэдрэхэд нөлөөлдөгийг мэдэхгүй байгаа ч аль нэг нь хүн өөрийн хүйсийг мэдрэх, түүнийгээ илэрхийлэхтэй шууд холбоотой байх магдалал өндөр хэмээн судлаачид үзэж байна. Хэрэв үнэхээр тийм бол транс хүмүүсийг багаас нь таньж, бие эрхтэн, бэлгийн бойжилт явагдахаас нь өмнө хүйсийн шилжилтэд оруулж тэднийг өөрийгөө мэдэрдэг хүйсээр амьдрахад нь эрт туслах боломжтойг судлаачид цохон тэмдэглэж байлаа. Бас нэг зүйлийг судлаачид цохон тэмдэглэсэн нь тархины бор давхарга хүний амьдралын эхний 20-30 жилд бүрэн боловсордог ба транс хүмүүс өөрийгөө их залуудаа ч, 30 гараад ч тодорхойлох боломжтой байдаг нь үүнтэй холбоотой байх магадлалтай гэжээ. (Мэдээллийн эх сурвалж http://www.care2.com/causes/civil-rights/blog/study-shows-transexuals-may-display-brain-differences)

   

Трансжендэр асуудлын хөтөлбөр

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 01, Бямба гариг, 23:15

Монголд трансжендэр хүмүүсийн хүний эрх хамгийн их зөрчигдөж байна. Трансжендэр хүмүүсийн эрхийн асуудалд өөрийгөө тодорхойлдог хүйсийн дагуу бичиг баримтжуулалт, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, гормоны эмчилгээг эрүүл мэндийн даатгалын хүрээнд хүртэх гэх мэт олон зүйл багтдаг.

Харамсалтай нь Монголд энэ асуудал хөгжөөгүйгээр барахгүй транс хүмүүс өөрсдөө ч эдгээр асуудлын талаар мэдлэг мэдээлэл хангалттай бус байна. Трансжендэризмын тухай буюу хүйсийн баримжаа илэрхийлэмжийн талаар ЛГБТ Төв мэдээллийн монгол хэл дээр хүргэж, шаардлагатай асуудлаар зохих нөлөөллийн ба эрх зүйн үйл ажиллагаа хийнэ.

Транс байдлыг патологжуулахтай тэмцэх олон улсын өдөр 10-р сарын 23

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.

Транс байдлыг патологжуулахтай (патологжуулах гэдэг нь аливаа зүйлийг эмгэг, өвчин хэмээн тодорхойлох гэсэн утгатай) тэмцэх олон улсын өдрийн кампанит ажлын гол зорилго нь Америкийн сэтгэцийн эрүүл мэндийн холбооны 2013 онд шинэчлэгдэн гарах оношлогооны гарын авлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд шинэчлэгдэн гарах сэтгэцийн өвчний жагсаалтаас транс байдлыг хасуулахад, мөн транс хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг нь хангуулахад оршино. ЛГБТ Төв нь зөвхөн энэ сүлжээнд нэгдээд зогссонгүй, өнгөрөгч 8--р сард "Ази Номхон далайн хүчирхийллийн эсрэг транс эмэгтэйчүүд" олон улсын сүлжээний үүсгэн байгуулагч болсон.

Монголд трансжендэр хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах, аюулгүй байх, өөрийн хүйсээ илэрхийлэх эрх нь Монголын нийгэмд бүрэн хангагдаагүй байгаагаар зогсохгүй, өнөөгийн байдлаар трансжендэр хүмүүс маань зохион байгуулалттайгаар өөрсдийн эрхийн төлөө нэгдээгүй, олон нийтийн хувьд шаардлагатай байгаа зүйлээ нийтээрээ тодорхойлоогүй байгаа. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг ЛГБТ олон нийт хооронд нь ялгахгүй байсаар транс хүмүүс нь ЛГБТ олон нийт дунд хамгийн үл үзэгдэгч, дотроо ялгаварлан гадуурхалтад өртдөг хэсэг болоод байна. ЛГБТ хүмүүс өөрсдөө эдгээр байдлыг ойгодоггүйгээсээ трансжендэр хүмүүст сөрөг хандах, тодорхой тогтсон ойлголтоор тэдэнд хандах, тэдгээр ойлголтоо тулгах, тэдэнд доорд хандах гэх мэт үзэгдлүүд байгааг үгүйсгэшгүй. Хүн бүр өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй ба тэрхүү эрх чөлөөнд нь өөрийн хүйсийг тодорхойлох, түүнийгээ илэрхийлэх эрх багтдаг.

Энэхүү уулзалтыг зохион байгуулснаараа транс олон нийтийн гишүүдийг хооронд нь танилцуулах, хамтдаа үйл ажиллагааа явуулах боломжоо тодорхойлох, ЛГБТ Төвийн Трансжендэр асуудлын хөтөлбөрийн чиглэл, гол алсын хараа, үйл ажиллагааг тодорхойлох, транс хүмүүсийнхээ төлөөлөлтэй хамтран ажиллаж, үйл ажиллагаандаа татан оролцуулах давхар зорилгыг агуулна.

ЛГБТ Төв ба МОНФЕМНЕТ-ийн “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” залуусын аяныхан энэхүү оролцооны зарчмаар хэрэгцээг судлаж байна. ЛГБТ Төв нь “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” залуусын аяныхантай стратегийн түншлэл үүсгэх сонирхолтой ба цаашдаа ЛГБТ олон нийтийн залууст хүний эрхийн сургалтыг 12-р сард хамтран хийхээр төлөвлөж байна. Цаашид “Хүний эрхийн театр” гэх мэт төсөл дээр хамтран ажиллах сонирхол мөн бий. Уулзалтын фасилитатор буюу хөтлөгч: Отгонбаатар, Мандхай, Мөнхзаяа, Чинзо, Анараа.

1. Транс хүмүүсийн хэрэгцээг оролцооны зарчмаар судлан ярилцах

2. "Миний хүйс чамд хамаагүй" акц: энэхүү акцаар дуу хураагч, зургийн камер, байвал видео камер, вэбкэм +  гэх мэт орчин үеийн шинэ технологийг ашиглан транс хүмүүс өөрийн хүйсийн илэрхийлэмж, эсвэл хүйсийн баримжаа илэрхийлэмжийнхээ тухай, өөрсдийн амьдралдаа тохиолддог зүйлээ илэрхийлнэ.

   
JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Зохиогчийн эрх © 2012 Монголын ЛГБТ Төв. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.